Wednesday, December 4, 2013

НҮҮДЭЛЧИН

Сонин юм, хотоос л холдмоор санагдах юм. Уг нь би ч бүр жигтэйхэн сүрхий нийслэл хүү. Бүр хэдэн үе удмаараа, тэр байтугай аав ээж 2 талаасаа гээч. Миний үеийн (30 гаран насны) залуусын хувьд их үсрээд л өвөө нь хотод ирж суурьшсан байдаг бол миний хувьд өвөөгийн өвөө хавьцаа л магадгүй, түүнээс доошхи нь бүгд унаган хотын хүүхдүүд.

Ийм болохоор надад малчин амьдралыг ном зохиол, кино жүжиг, ард түмний ярианаас л сонсохоос бусдаар мэдэх юм нэгээхэн ч үгүй. Гэдэг нь ёс заншил мэдэхгүй гэсэн үг биш. Хаа очиж хөгшин хүний өвөр дээр өссөнийх Монгол ёс заншлаа бол мэднэ. Гэрт амьдарч үзээгүй ч гэрийн талаар "онол"-ын мэдлэг бол бий бий.

Насаараа дөрвөн хананы дунд амьдарч, "дээд, доод, бас хажуу айл пижигнэх, ус алдах, тасрах, халаалт зогсох" гэх мэт малчин байтугай гэр хорооллын хүүхдийн мэдэхгүй зовлонг бүх насаараа үзсэн миний хувьд одоо дээд доод айлгүй амьдарч, өөрөө болон өрөөлийн ус алдах лайнаас холдохыг үнэнхүү хүсэж байна. Ялангуяа утаа угаар, замын бөглөрөл, машины дуу чимээ, уур уцаар, олон хүн, их хөл хөдөлгөөн, согтуу залуус, золбин (магадгүй зомби) хүмүүсээс үхэтлээ залхаж байна.

Би хөдөө гармаар байна. Тэнд амьдармаар байна. Харин эхнэр зөвшөөрөхгүй байна. Надтай адилхан өөрөө хотын, харин эхнэр нь хөдөөний найзууд маань мөн л "хөдөө явсан ч яахав, даанч эхнэр зөвшөөрөхгүй юм" гэх юм. Хөдөөнөөс ирээд хотын хүүхэнтэй суусан залуус ч мөн адил "эхнэр л..." гэнэ. Юу вэ, энэ хүүхнүүд чинь бүгд хотод баймаар байгаа юм байх даа.

Тийм байх нь. Хорвоогийн эм амьтны л хэрэгцээ юм болохоор олон хүнд харагдаж явах сонирхол байх нь. Түүнээс гадна бас нэг юм бий. Тэр нь хүүхдийн боловсрол. "Хөдөө оччоод хүүгээ юм сурсангүй гэж загнаад яахын" гэж авгай хэлж байна. "Гэхдээ чи..." гэвэл "Тэр үе чинь өөр, тэнэгээ" гэж байна. Тиймдээ, түүний зөв. Эх хүний инстинкт ээ гэж...

Яг үнэндээ бол, хөдөө гараад амьдарвал хөдөөний эхнэрүүд амьдарчих байх өө. Харин над мэтийн унаган хотынхон л нусаа хацартаа наана, тодорхой. Гэхдээ хүн гэж, дасна даа дасна.

Saturday, October 26, 2013

АРДЧИЛАЛ СӨНӨТҮГЭЙ, ХҮНИЙ ЭРХ МАНДТУГАЙ

Ардчилал хэрэггүй гэх мөртөө, хүний эрх мандтугай гээд юу солиороод байгаа юм бэ гэж үү. Чи өөрөө юу гэж эргүүтээд байгаан. Энэ хоёр заавал хамт байх албатай юм уу, хуц за.

Ардчилал гэдэг чинь явж явж төрийн нэг хэлбэр л биз дээ? Тэгвэл хүний эрх гэж юу юм? Хаана нь төр барихад оролцоно гэсэн утга байгаан? Миний хэрэгт өөр хүн оролцож болохгүй л гэсэн утга байгаа болохоос.

Гэхдээ америкийн лалрууд бол үүнийг яг эсрэгээр нь хийдэг байхгүй юу. Тэр новшнууд яагаад тусгаар тогтносон, бүрэн эрхт, өөр угсаа гаралт, агуу түүхт ард түмнийг, үндэстний дотоод хэрэгт оролцоод байгаан? Яагаад тэд өөр улс уруу түрэмгийлэл үйлдэхээр, хүчирхийлэл хийхээр, дайн зарлахаар "энхийн үйлс", "ардчиллын төлөө" болчихдог, бусад нь болохоор бузар муу үйл болдын? Шаа шаа. Америк мөхөх үед би, бас хүн төрөлхтөн инээх болно.

Амьсгаануудыг дурсахаар өөрийн эрхгүй цухал хөдлөөд хадуураад явчдын. За яршиг. Үндсэн хэлэх гэснээ л хэлье. Ерөнхийдөө Монголыг хөгжүүлэхийн тулд хувьсгал хийх хэрэгтэй. Ардчиллаас татгалзах хэрэгтэй. Гэдэг нь дайн, бослого, самуун хийе гэсэн үг биш шүү.

1990 онд тайван замаар эрс өөрчлөлт, бүтэн эргэлт хийж чадсан юм чинь дахиад ч чадах ёстой. Уул нь тэр үед байна шүү, ингэж эрс эргэлт хийлгүй аажуухан өөрчилсөн бол болох л байсын. За тэр ч яахав, өнгөрсөн түүх. Нэгэнт тэр үед аажуухан дэвшил хийлгүй шууд 180 эргэсэн юм чинь одоо ч бас аажуухан эргэлгүй шууд 90 градус хазайя.

Төрийн эрх мэдлийн тогтолцоо, сонгуулийн системийг эрс өөрчлөөд хэн дуртай, Хайлаастын хазгар, 7 буудлын доголон, Сонсголонгийн солиот, Комбинатын кармаачин мэтийн хэн дуртай, хаа хамаагүй тэнэгийг төрийн хэрэгт оролцуулахаа больё. Харин тэхдээ, тэдний хүн ёсны эрхийг бол үлдээнэ шүү. Үлдээхээр барахгүй, тэдний төлөө ажилладаг Хүний эрхийн комиссыг нь ёсоор нь ажиллуулах хэрэгтэй. Үнэнийг нуулгүй дуугардаг сэтгүүлзүйн эрх чөлөөг бол бүр нээлттэй орхих ба харин баримт нотолгоогүй, гүтгэлэг хийснийг нь хатуу цээрлүүлнэ. Энэ бүхнийг чин шударгуу шүүх шийднэ...

Товчхондоо, Монгол хүнд сонгох, сонгогдох эрх чөлөө огт хэрэггүй, Монгол төрд ардчилал зохихгүй!!!

Tuesday, July 30, 2013

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХЭРЭГЦЭЭ

Сүүлийн үед байнга бодогдоод байдаг болчихлоо. Бодогдоод ч гэж хэлмээргүй, эргэлзээд гэвэл дээр ч юм уу. Юу гэвэл "Ингэхэд монгол хүнд, танд надад бидэнд яг ямар эрх, эрх чөлөөний хэрэгцээ байна?"

За тэр төрөлхийн буюу заяамал эрхүүдийг орхиё. Тодорхой асуудал. Нийгмийн хэв шинж бүхий олдмол эрхийн тухай асуудлыг энд хөндөөд байна л даа. Товчхондоо, ардчилсан нийгэм соц үе хоёрыг харьцуулах гээд байна. За даа, харьцуулна гэхэд ч бас яг хаашаа юм. Зүгээр л шилжсэн үеийг, процессыг нь бодоод, гайхаад байдаг байхгүй юу.

Эргээд боджээ байхад бидэнд яг юу дутуу байсан болоод хувьсгал хийгээдхэв? Яг үнэндээ бол нэгд ийш тийшээ дураараа тэнэж явах боломж, хоёрт хувьдаа ганц нэг юмтай байх, түүгээрээ гайхуулах, баярхах хэрэгцээ, гуравт ам мэдэн бурлаа гээд "аав"-ын хаалга татахгүй гэдэг баталгааг хүссэн. Өөр юуг ч хүсээгүй л байхгүй юу. Дарааллын хувьд өөр байж болох ч ердөө л энэ гурван эрхийг нь өгчихсөн бол бид өнөөдөр "хүнлэг энэрэнгүй" (ёстой яг ш дээ!!!) ардчилсан нийгэм байгуулаагүй байх төдийгүй харин ч харгис хатуу дарангуйлагч (хуцна биз дээ!!!) социалист нийгэмд амьдарч байхгүй юу.

Ерөнхийдөө бол атар газрыг эзэмшиж эхэлсэн 50-иад оноос л ганц манайх биш дэлхийн социалист эдийн засгийн мөхөл эхэлсэн байдаг. Аргагүй дээ, бүгдийг хүчээр хурааж аваад нийгмийн өмч, нийтийн хөрөнгө гээд сүйтгээд хаячихсан юм чинь. Соц нийгмийн хүмүүс, ялангуяа удирдагчид нь тэр аяараа ухаангүй тэнэгүүд байгаагүй тул эдийн засаг сүйд болоод эхэллээ гэдгийг 70-аад оны дунд үеэс ойлгож эхэлсэн, чадах ядахаараа арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Гэхдээ зайлуул тэр нь ч бүтэлтэй юм болоогүй л дээ. Эдийн засгийн байгууллаа бүрэн сөнөөж байж л босох нь тодорхой юмыг бага сага эрэг шургаар оролдоод сайжрахгүй л дээ.

Уг нь Монголд тэр үед буюу 80-аад оны эхэн үеэс нэгдэл болон САА-уудыг эхний ээлжинд олон нийтийн өмчит компани болгож хувиргаад, тэгээд хамгийн гол нь бүх газруудыг ашигтай ажиллах шаардлага тавиад явчихсан бол аажмаар эдийн засгийн эрх чөлөө рүү тэмүүлж эхлэхгүй юу. Тэгээд мэдээж хэрэг хүмүүсийг хувийн өмчтэй болохыг нь зөвшөөрнө, эхлээд тухайн үед байсан амины малын тооны квотыг аажмаар нэмж, бүр хязгааргүй болгож задална, зэрэгцүүлээд хар зах дээр наймаа хийх боломжийг нэмэгдүүлнэ, дэлгүүрүүдийг өөрсдөө бараагаа татаж сургаад улмаар гадагшаа өөрсдөө бараагаа авчрах боломжоор хангаж, аажмаар улсын мэдлээс шахан гаргана гэх мэтээр аажим өөрчлөлтүүдийг хийсэн бол... Ерөнхийдөө хамгийн сүүлд нь мэдээж хэрэг газар өмчлөлийн асуудал үлдэнэ. Үүнээс өмнө гадаад валютын арилжааг нээх, үнэ чөлөөлөх гэх мэт нүсэр нүсэр өөрчлөлтүүдийг хийх нь гарцаагүй.

Ер нь бол Монголчууд шиг хэт индивидуалист хандлагатай хүмүүст нэгдэж нягтрахын ашиг тусыг хүчээр ч болов, багахан ч атугай ойлгуулж өгсөн нь социалист нийгмийн ололт байх шүү. Ардчилсан нийгмийн ололт бол за яахав дээ, уг нь зөндөө л "байх" байлаа, үндсэндээ бол замбараагүйдэл л шив дээ.

Sunday, June 23, 2013

ҮРД ӨВ БҮҮ ҮЛДЭЭ

Миний нэг найз байх. Амьдралаа цэвэр өөрийн чадлаар (буюу эхнэрийнхээ хамтаар) босгосон. Мань эрд байр ч бий, машин ч бий, зуслан ч бий. Энэ бүгд нь мэдээж өр ширгүй бүтээгүй, гэхдээ одоо бол түүнд өр төлбөр байхгүй. Махийтлаа зүтгэсний шан.

Найз маань нэг зүйл хэлдэг "Би энэ бүхнийг зөвхөн өөрийнхөө тав тух, кайфын төлөө бүтээж байгаа. Үр хүүхдүүдийнхээ эрүүл саруул, зөв хүмүүжилтэй болгох, юугаар дутаахгүй өсгөх асуудал бол миний кайфын хавсарга, дайвар. Өөрөөр хэлбэл би тэдэнд өв хөрөнгө бэлдэх гэж энэ бүхнийг бүтээгээгүй. Тэд өөрөө өөрийнхөө төлөө амьдарч сурах ёстой. Бэлэн юм хүнийг эвддэг. Хамгийн гол нь тэдний кайф, вкус ямар байхыг би мэдэхгүй. Тийм учраас би тэдний биш, зөвхөн өөрийнхөө кайфыг л бий болгож байна".

Дийлэнх хүмүүс хажууд нь баацганан явах үр зулзгаа хараад "үүнийг л орох оронтой, унах унаатай болгоодохвол би ч яах вэ, энэ чигээрээ л дуусна" гэх маягийн юм ярьдаг. Харин найз маань бол үүнээс тэс эсрэг юм яриад байдаг.

Би ч анхандаа санаа нийлдэггүй байлаа. Одоо бол зарим талаар санаа нийлээд байх болсон шүү. Уг нь энэ мэтийн юмыг аль эрт хятдын гүн ухаантан Күнз (Сүнз нь ч билүү, би хүний нэр тогтоодоггүй) тодорхой хэлчихсэн байдаг юм билээ л дээ.

Үрд өв бүү үлдээ
Муу үр үрчихнэ
Сайн үр олчихно гэж

Нээрээ л сайн үр өөрөө олчихно шүү дээ. Муу үр бол юу ч байсан үрж зараад л дуусгах байх. Энд нэн ойлгомжтой нэг санаа нуугдаж байна. Хөрөнгө бүү бүтээ, харин сайн үрийг л бүтээ гэж. Өөрөөр хэлбэл хүмүүжил нэгд гэж.

Юу үнэн энэ үнэн. Хүнд хүмүүжил, ялангуяа ёс суртахууны төлөвшил, соёлын боловсрол, гоо зүйн мэдлэг, үнэт зүйлийн мэдрэмж суулгах л хамгийн чухал. Харамсалтай нь миний ажигласнаар, сүүлийн үед хүмүүс хүүхдээ боловсролтой л болгож байвал бусад нь дайвар гэж бодоод байх шиг.

Уг нь бол зөв хүмүүжилтэй, бүрэн төлөвшсөн (даруу гэж ойлгох хэрэггүй) хүн ертөнцийг үзэх өөрийн гэсэн үзэл, итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн сурах арга барилтай байдаг тул ямар ч эрдэм мэдлэг, боловсролыг их амархан эзэмшдэг, өөриймшүүлдэг, цаашид ч зоволтгүй амьдардаг. Хэчнээн сургуульд сураад, өчнөөн боловсролтой болоод хол явдаггүй нөхдүүд зөндөө л байдаг шүү дээ.

Ийм болохоор дээрх сургаалд миний зүгээс энд нэг зүйл нэмчихмээр санагддаг.

Үрд өв биш гэхнээ боломж хадгал

Сайн үрийг боломжоор тэтгэ
Муу үрийг ч боломжоор тэтгэ
Аль нь ч байсан урмаар л тэжээ

Thursday, June 6, 2013

ХЭД ХЭРЭГТЭЙ?

Хүн тайван амьдрахад сард хэдэн төгрөг хэрэг болох вэ?

Ямар нөхцөлд яаж амьдарч байгаагаасаа шалтгаалах байх л даа, мэдээж. Би дундаж хүн, дундаж байхыг хүсдэг, үүнээс өөр амьдрал мэдэхгүй. Тэгэхээр дундаж айлаар л тооцоо хийе.

Дундаж айлаа 30 орчим насны залуу хосууд, 2 өрөө байртай, 1 суудлын тэрэгтэй, 2 хүүхэдтэй, 1 нь цэцэрлэгт, нөгөө нь бага ангид сурдаг гэе. Тэгээд энэ хүмүүст шаардлагатай сарын орлогыг тооцох гээд үзэе. Үүний тулд эхлээд хэрэгцээтэй мөнгөө бодно. Зардлыг ахиухан төсөвлөдөг дүрмээр үзэе.

Хэрэгцээний шатлал ёсоор эхлээд хүнсний зардлыг бодох хэрэгтэй. Тухайн айл ямар хоол хийдэг, ямар орцтой, ямар хачиртай, хэр порцоор хийдэгийг нь мэдэхгүй учраас зүгээр л 1 порц хоол 5,000 төгрөг, өдөрт нэг хүн 2 хоол иднэ, хүүхэд бол хагас порц гэвэл сард нийт 900,000 төгрөг.

Оршин суух зардал кабель, СӨХ, талбай, халаалт, цэвэр бохир ус гээд сард 60,000 төгрөг. Үүн дээр цахилгаан, за 40,000 төгрөг гэе. Нийт 100,000 төгрөг.

Аав ээж хоёр өдөр бүр ажилдаа явна, ирнэ, хүүхдүүдээ хүргэж өгнө, авна. Энэ бол ажлын өдөр. Харин амралтын өдөр хагас сайнд өвөө, эмээгийнд зочилно, бүтэн сайнд Зайсан гардаг. Энэ бүхэнд талдаа 5 км явдаг, машин нь хотын бөглөөнд 100 км-т 13 литр иддэг. Ерөнхийдөө өдөрт 50 км явдаг гээд тооцвол бензиний зардал ойролцоогоор 360,000 төгрөг. Нэмэх нь гадаа зогсоол хоногийн 3,000 төгрөг гэвэл тээврийн зардал сардаа 450,000 төгрөг.

Харилцаа холбооны тариф хямдарсан өнөө үед холбооны зардал сард 100,000 төгрөг байхад хаваасаг. Үүнд аав, ээжийн гар утас, нэмэх нь интернэт.

За тэгээд хувийн хэрэглээний мөнгийг том хүмүүс 100,000, хүүхдүүд 50,000 гэвэл нийт өрхийн хувийн хэрэгцээ 300,000 төгрөг болно.

Ингээд энэ дундаж амьдралтай бөгөөд айхтар үрэлгэн айлын сарын хэрэгцээ 1,850,000 төгрөг боллоо. За бусад болзошгүй зардал (буяны хандив, сайн дурын хандив, баяр ёслолын заллага... энэ тэр гээд алийг хэлж барах) 150,000 төгрөг байдаг гээд энэ айлын сарын хэрэгцээ 2,000,000 төгрөг 1,400 ам.доллар байна.

Болж байнаа, давгүй шүү. Ингэтлээ цамаан загнасан гэхэд тийм ч аймаар тоо гарсангүй. Дэлхийгээс хэтрээд явчихсан юм ч алга.

Гэхдээ бид дундаж гэж ярьсан. Тиймээс энэ айл байраа моргэйжээр, машинаа лизингээр авсан байх ёстой. За тавилгыг ч дүүрч. Аав ээж нь хуримын зардлыг нь гаргаад, амьтан ах дүү хуримын бэлэг өгсөн гэж итгэе.

2 өрөө байр дунджаар 80 сая байдаг гэвэл урьдчилгаа 30%, сард 1.4%-ийн хүүтэй, 15 жилийн моргэйж авсан тохиолдолд урьдчилгаа 24 сая төгрөг шаардлагатай болохоос гадна сар бүр 810,000 төгрөг төлөх үүрэг хүлээнэ.

Машин 10 саяаар авахын тулд мөн дээрхийн адил урьдчилгаа 30%, сард 1.4%-ийн хүүтэй, 2 жилийн лизинг авч урьдчилгаанд 3 сая төгрөг нэг дор төлөх агаад сар бүр 350,000 төгрөг төлөх болно.

Эдгээр зээл төлбөрүүд нэмэгдсэнээр энэ айл сард 3,160,000 төгрөг (2,230 ам.доллар) олох шаардлагатай болж байна. Энд нэг зүйл анзаарагдаж байгаа байх. Бид хувцас хунар авах тухай юу ч яриагүй. За дүүрч, ойрын 2 жилдээ нүцгэн гүйцгээнэ биз. Машинтай юм чинь гутал, хувцас элэгдэхгүй, даарахгүй, норохгүй гээд л бодчихоос. Машины лизинг дууссаны дараа л хувцсаа шинэчлэе.

Зардал тал нь ийм байдаг байж. Одоо орлого талыг нь бодоод үзье.

3,160,000 төгрөгийг эр, эм 2-т 60:40 харьцаагаар хувааж үзвэл нөхөр гар дээрээ 1,896,000 төгрөгийн цалин сард авах ёстой болно. Гэхээр нэрлэсэн цалин нь 2,240,000  байх нь.

Харин эхнэрийн цэвэр цалин 1,264,000 гээд нэрлэсэн цалин нь 1,537,000 төгрөг болж байна. Энэ дайны цалин өгдөг цөөхөн газар, албан тушаал байдгийг бодолцож үзвэл ч энэ эр эм хоёр ч хоосонгүй нөхдүүд байх нь. Тэдгээр газруудын тавьдаг шаардлага, ажлын ачаалал ямар байдгийг багцаалах тул энэ айлын хүүхдүүд ч өвөө, эмээ хавьцаагуур л байх хэрэгтэй болж байна.

Энэ бүхэнд ирээдүйн тухай, тухайлбал хуримтлалын тухай ямар ч өгүүлбэр байхгүйг ИРГЭН та анзаарч л байгаа байлгүй дээ.

Дэлхийн үнэтэй, Монголын цалинтай эх орон минь та төрд үнэнч ажиллах ямар ч бололцоо олгохгүй юм даа.

Thursday, May 30, 2013

ТОО ЦЭЭЖЛЭХГҮЙ, ТЭГЭЭД ЭДИЙН ЗАСАГЧ ГЭЖ БАЙХ

Би ерөөсөө тоо, нэр ус энэ тэр "точно" юм тогтоодоггүй. Угаасаа л тийм байсан. Ер нь жаахан цээж муутай. Гэхдээ харин энэ тэр юмны ерөнхий логик, зарчим, тогтолцоо, үйл явдал, уялдаа, нөлөөлөл, гол санааг нь бол харин ч нэг сайн шингээнэ шүү.

Жишээлбэл, нэг онол заалгалаа гэж бодоё. Онолын нэрийг нь зохиосон хүнийг нь батлагдсан оныг нь бүгдийг нь мартчихна. Харин ямар учир жанцантай онол вэ, ямар ач холбогдолтой вэ, юунд хэрэглэдэг вэ гэдгийг нь маш сайн тогтоочихдог.

Эсвэл нэг хүний намтар ч юм уу, эсвэл аль нэг улсын түүх уншлаа гэхэд л бүх нэрийг нь оныг нь таг санана. Харин ямаршуу хүн бэ, эсвэл тухайн үед ямархуу байдал байсан болоод ийм асуудал үүсвээ гэдэг үйл явдлыг нь, зүй тогтлыг нь бол яс санана.

Дан тоотой ажилладаг юм байж огт тоо тогтоохгүй. Тийм зардлын дүн хэд байсан гэж асуухаар нь одоохон хараадхая гэж байх. Санахгүй шүү дээ, ай хөөрхий гэж. Хаа очиж тоо сайн бодноо зайлуул. Үр дүнг нь гаргалаа, сэтгэл ханалаа, мартлаа. Гэхдээ яг таг утгыг нь санахгүй ч, өндөр байсан, нам байсан, ийм шалтгаантай байсан, тийм юмыг нь өөрчилбөл ингэж нөлөөлнө гэдгийг нь сайн санаж байгаа гэж.

Зөвхөн тоонууд байвал бас ч учиртай их сайн хичээвэл цээжилчихээд байгаа юм. Жишээлбэл утасны дугаарыг гайгүй сайн тогтооно. Заа, тоо үсэг холилдоод ирэхээрээ л байхгүй болчихоод байх шиг. Машины улсын дугаар цээжилнэ гэж гонж шүү дээ. 4-хөн оронтой тоо (нэмэх нь золигийн 3 үсэг) цээжлэхгүй мөртлөө 8 оронтой утасны дугаарыг бол гайгүй сайн тогтоогоод байх.

Гүй тэгээд, тоо үсэг холилдохоор байхгүй болчихоод байна уу гэхээр бас үгүй ч юм шиг. Томъёо бол толгойд байгаад л байх янзтай шүү. Ямар учиртай тархи заяасын байгаан, бүү мэд.

Бас их дуулах дуртай гэж байгаа. Баргийн аяыг санана, гэсэн мөртлөө дууны үг ер цээжлэхгүй. Арай хийж, хичээж байж тогтоосон 3-4 дуутай. Тэрийгээ найранд гурван дуутай гээд цадааск. Сүүлийн үед дуулах бололцоогүй болоод ч тэр үү, ер нь хоолой их муудаад (өөрийгөө дуулж чаддаг гэж бодноо бас, ккк) нөгөө хэдэн дууны үгээ ч санахаа байсан гэжугаа.

Нэг иймэрхүү хүн л эдийн засагч гэдэг албан тушаалтай, нягтлан бодогч гэдэг мэргэжилтэй, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй, төрийн удирдлагын магистр цолтой яваад л байх юм даа. Хөгийн юм шүү. Би ер нь ямар мэргэжилтэй, юу хийж явах ёстой байсан хүн одоо юу хийгээд яаж яваад байгаа юм бол? Хувь төөргөө мэдэхсэн гэж...

Tuesday, May 28, 2013

ҮСРЭЭД Л ҮХНЭ БИЗ

Би хүүхэд байхаасаа л үхсэний дараа юу байдаг бол гэж байнга боддог. Үхсэний дараа сүнс байгаад, тэр нь тэгээд Дэлгэрийн сүнс хэвээр байх юм бол тэнд юу байдаг тухай сонирхуулж энэ блогтоо бичнээ. Тэр үед битгий айгаарай гэсэн.... ха ха ха

Үсрээд л үхнэ биз гэхээр л учиргүй зоригтой хүн харагдаад байгаа байх. Үнэн хэрэгтээ огт үгүй. Хулчгар новш гэдэг чинь жинхэнэ утгаараа би шүү дээ. Юм бүгдээс айна. Гэхдээ богино наслахаас бол айдаггүй. Айя ч гэж боддоггүй. Товчхондоо үхэхээс айдаггүй боловч өвдөхөөс нь айдаг. Гэхдээ эрүүл мэнддээ бол анхаарал тавьдаггүй. Яах юм.

Магад би урт наслахгүй байх. Урт наслая ч гэж хичээдэггүй. Хорвоогийн амьтасд 70 нас хаваасаг. 60 хүрээд үхэе гэхээр хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртэхгүй, мэдрэхгүй, харахгүй болохоор жаахан харамсалтай. Тиймдээ 70 жил яг сайхан таарсан хугацаа. Яахав наана нь үхвэл тэр л биз. Ер нь байна шүү, тэнхлүүн өвгөн, ануухан эмгэн гэж ирээд л магтаад байгаа юм шиг боловч өвгөн эмгэн гэдэг үг нь бодит байдлыг тодорхой илтгэж байгаа бус уу. Хаашдаа л өвгөн, эмгэн гэж тодорхой заагаад байхад улам тэнэгэрч зөнөгөрч үр хүүхэддээ шавар хааж явах хэрэг ч байна уу даа.

Эцэст нь хэлэхэд хүн нэг л амьдарна. Хойдын амьдралд санааширсан гэгээнтнүүд ч нэг л амьдарна гэдгийг ухааруулсан байдаг. Ертөнц дээр Дэлгэр гэж нэг хүн нэг удаа гарч ирлээ. Хойшид дахиж гарахгүй. Тиймдээ ч "намайг үхсэн хойно муу хэлэх хүн битгий байгаасай" гэж боддог, хичээдэг. Гээд бодохоор би сайн хүн ч юм уу, эсвэл бүр хар амиа хичээсэн хөгийн новш ч юм уу, эсвэл бусдад таалагдах гэж жүжиглэсэн хуурамч амьтан ч юм болов уу.

ЮУ ДУРТАЙГАА БИЧНЭЭ

Эсэн бусын л юм толгойд эргэлдэх. Хэзээ ч хэнд ч хаана ч хамаагүй, юу дуртайгаа яримаар санагдах авч яг цагаа тулахаар хэнд ч юуны ч тухай хаана ч дуугармааргүй санагдана...

Нөгөө блогтоо улс төр, үндэс угсаа, төр засаг гээд буруу ч бай зөв ч бай, ямар ч атугай сайн сайхан сэдвээр баахан биччихсэн байх. Гэтэл тэр олон сайхан сэдэв дунд гэнэт л эсэн бусын, хаа хамаагүй юм бичээд унахаар дэмий бөгөөд хайран санагдлаа. Тэгээд энэ блогийг нээлээ. Энд би юу дуртайгаа, хувийн асуудлаа, дурсамжаа, эргэцүүллээ, тэр байтугай хараал бас ерөөл ч бичих болно.