Tuesday, July 30, 2013

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХЭРЭГЦЭЭ

Сүүлийн үед байнга бодогдоод байдаг болчихлоо. Бодогдоод ч гэж хэлмээргүй, эргэлзээд гэвэл дээр ч юм уу. Юу гэвэл "Ингэхэд монгол хүнд, танд надад бидэнд яг ямар эрх, эрх чөлөөний хэрэгцээ байна?"

За тэр төрөлхийн буюу заяамал эрхүүдийг орхиё. Тодорхой асуудал. Нийгмийн хэв шинж бүхий олдмол эрхийн тухай асуудлыг энд хөндөөд байна л даа. Товчхондоо, ардчилсан нийгэм соц үе хоёрыг харьцуулах гээд байна. За даа, харьцуулна гэхэд ч бас яг хаашаа юм. Зүгээр л шилжсэн үеийг, процессыг нь бодоод, гайхаад байдаг байхгүй юу.

Эргээд боджээ байхад бидэнд яг юу дутуу байсан болоод хувьсгал хийгээдхэв? Яг үнэндээ бол нэгд ийш тийшээ дураараа тэнэж явах боломж, хоёрт хувьдаа ганц нэг юмтай байх, түүгээрээ гайхуулах, баярхах хэрэгцээ, гуравт ам мэдэн бурлаа гээд "аав"-ын хаалга татахгүй гэдэг баталгааг хүссэн. Өөр юуг ч хүсээгүй л байхгүй юу. Дарааллын хувьд өөр байж болох ч ердөө л энэ гурван эрхийг нь өгчихсөн бол бид өнөөдөр "хүнлэг энэрэнгүй" (ёстой яг ш дээ!!!) ардчилсан нийгэм байгуулаагүй байх төдийгүй харин ч харгис хатуу дарангуйлагч (хуцна биз дээ!!!) социалист нийгэмд амьдарч байхгүй юу.

Ерөнхийдөө бол атар газрыг эзэмшиж эхэлсэн 50-иад оноос л ганц манайх биш дэлхийн социалист эдийн засгийн мөхөл эхэлсэн байдаг. Аргагүй дээ, бүгдийг хүчээр хурааж аваад нийгмийн өмч, нийтийн хөрөнгө гээд сүйтгээд хаячихсан юм чинь. Соц нийгмийн хүмүүс, ялангуяа удирдагчид нь тэр аяараа ухаангүй тэнэгүүд байгаагүй тул эдийн засаг сүйд болоод эхэллээ гэдгийг 70-аад оны дунд үеэс ойлгож эхэлсэн, чадах ядахаараа арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Гэхдээ зайлуул тэр нь ч бүтэлтэй юм болоогүй л дээ. Эдийн засгийн байгууллаа бүрэн сөнөөж байж л босох нь тодорхой юмыг бага сага эрэг шургаар оролдоод сайжрахгүй л дээ.

Уг нь Монголд тэр үед буюу 80-аад оны эхэн үеэс нэгдэл болон САА-уудыг эхний ээлжинд олон нийтийн өмчит компани болгож хувиргаад, тэгээд хамгийн гол нь бүх газруудыг ашигтай ажиллах шаардлага тавиад явчихсан бол аажмаар эдийн засгийн эрх чөлөө рүү тэмүүлж эхлэхгүй юу. Тэгээд мэдээж хэрэг хүмүүсийг хувийн өмчтэй болохыг нь зөвшөөрнө, эхлээд тухайн үед байсан амины малын тооны квотыг аажмаар нэмж, бүр хязгааргүй болгож задална, зэрэгцүүлээд хар зах дээр наймаа хийх боломжийг нэмэгдүүлнэ, дэлгүүрүүдийг өөрсдөө бараагаа татаж сургаад улмаар гадагшаа өөрсдөө бараагаа авчрах боломжоор хангаж, аажмаар улсын мэдлээс шахан гаргана гэх мэтээр аажим өөрчлөлтүүдийг хийсэн бол... Ерөнхийдөө хамгийн сүүлд нь мэдээж хэрэг газар өмчлөлийн асуудал үлдэнэ. Үүнээс өмнө гадаад валютын арилжааг нээх, үнэ чөлөөлөх гэх мэт нүсэр нүсэр өөрчлөлтүүдийг хийх нь гарцаагүй.

Ер нь бол Монголчууд шиг хэт индивидуалист хандлагатай хүмүүст нэгдэж нягтрахын ашиг тусыг хүчээр ч болов, багахан ч атугай ойлгуулж өгсөн нь социалист нийгмийн ололт байх шүү. Ардчилсан нийгмийн ололт бол за яахав дээ, уг нь зөндөө л "байх" байлаа, үндсэндээ бол замбараагүйдэл л шив дээ.

No comments:

Post a Comment