Wednesday, December 4, 2013

НҮҮДЭЛЧИН

Сонин юм, хотоос л холдмоор санагдах юм. Уг нь би ч бүр жигтэйхэн сүрхий нийслэл хүү. Бүр хэдэн үе удмаараа, тэр байтугай аав ээж 2 талаасаа гээч. Миний үеийн (30 гаран насны) залуусын хувьд их үсрээд л өвөө нь хотод ирж суурьшсан байдаг бол миний хувьд өвөөгийн өвөө хавьцаа л магадгүй, түүнээс доошхи нь бүгд унаган хотын хүүхдүүд.

Ийм болохоор надад малчин амьдралыг ном зохиол, кино жүжиг, ард түмний ярианаас л сонсохоос бусдаар мэдэх юм нэгээхэн ч үгүй. Гэдэг нь ёс заншил мэдэхгүй гэсэн үг биш. Хаа очиж хөгшин хүний өвөр дээр өссөнийх Монгол ёс заншлаа бол мэднэ. Гэрт амьдарч үзээгүй ч гэрийн талаар "онол"-ын мэдлэг бол бий бий.

Насаараа дөрвөн хананы дунд амьдарч, "дээд, доод, бас хажуу айл пижигнэх, ус алдах, тасрах, халаалт зогсох" гэх мэт малчин байтугай гэр хорооллын хүүхдийн мэдэхгүй зовлонг бүх насаараа үзсэн миний хувьд одоо дээд доод айлгүй амьдарч, өөрөө болон өрөөлийн ус алдах лайнаас холдохыг үнэнхүү хүсэж байна. Ялангуяа утаа угаар, замын бөглөрөл, машины дуу чимээ, уур уцаар, олон хүн, их хөл хөдөлгөөн, согтуу залуус, золбин (магадгүй зомби) хүмүүсээс үхэтлээ залхаж байна.

Би хөдөө гармаар байна. Тэнд амьдармаар байна. Харин эхнэр зөвшөөрөхгүй байна. Надтай адилхан өөрөө хотын, харин эхнэр нь хөдөөний найзууд маань мөн л "хөдөө явсан ч яахав, даанч эхнэр зөвшөөрөхгүй юм" гэх юм. Хөдөөнөөс ирээд хотын хүүхэнтэй суусан залуус ч мөн адил "эхнэр л..." гэнэ. Юу вэ, энэ хүүхнүүд чинь бүгд хотод баймаар байгаа юм байх даа.

Тийм байх нь. Хорвоогийн эм амьтны л хэрэгцээ юм болохоор олон хүнд харагдаж явах сонирхол байх нь. Түүнээс гадна бас нэг юм бий. Тэр нь хүүхдийн боловсрол. "Хөдөө оччоод хүүгээ юм сурсангүй гэж загнаад яахын" гэж авгай хэлж байна. "Гэхдээ чи..." гэвэл "Тэр үе чинь өөр, тэнэгээ" гэж байна. Тиймдээ, түүний зөв. Эх хүний инстинкт ээ гэж...

Яг үнэндээ бол, хөдөө гараад амьдарвал хөдөөний эхнэрүүд амьдарчих байх өө. Харин над мэтийн унаган хотынхон л нусаа хацартаа наана, тодорхой. Гэхдээ хүн гэж, дасна даа дасна.

No comments:

Post a Comment