Thursday, May 30, 2013

ТОО ЦЭЭЖЛЭХГҮЙ, ТЭГЭЭД ЭДИЙН ЗАСАГЧ ГЭЖ БАЙХ

Би ерөөсөө тоо, нэр ус энэ тэр "точно" юм тогтоодоггүй. Угаасаа л тийм байсан. Ер нь жаахан цээж муутай. Гэхдээ харин энэ тэр юмны ерөнхий логик, зарчим, тогтолцоо, үйл явдал, уялдаа, нөлөөлөл, гол санааг нь бол харин ч нэг сайн шингээнэ шүү.

Жишээлбэл, нэг онол заалгалаа гэж бодоё. Онолын нэрийг нь зохиосон хүнийг нь батлагдсан оныг нь бүгдийг нь мартчихна. Харин ямар учир жанцантай онол вэ, ямар ач холбогдолтой вэ, юунд хэрэглэдэг вэ гэдгийг нь маш сайн тогтоочихдог.

Эсвэл нэг хүний намтар ч юм уу, эсвэл аль нэг улсын түүх уншлаа гэхэд л бүх нэрийг нь оныг нь таг санана. Харин ямаршуу хүн бэ, эсвэл тухайн үед ямархуу байдал байсан болоод ийм асуудал үүсвээ гэдэг үйл явдлыг нь, зүй тогтлыг нь бол яс санана.

Дан тоотой ажилладаг юм байж огт тоо тогтоохгүй. Тийм зардлын дүн хэд байсан гэж асуухаар нь одоохон хараадхая гэж байх. Санахгүй шүү дээ, ай хөөрхий гэж. Хаа очиж тоо сайн бодноо зайлуул. Үр дүнг нь гаргалаа, сэтгэл ханалаа, мартлаа. Гэхдээ яг таг утгыг нь санахгүй ч, өндөр байсан, нам байсан, ийм шалтгаантай байсан, тийм юмыг нь өөрчилбөл ингэж нөлөөлнө гэдгийг нь сайн санаж байгаа гэж.

Зөвхөн тоонууд байвал бас ч учиртай их сайн хичээвэл цээжилчихээд байгаа юм. Жишээлбэл утасны дугаарыг гайгүй сайн тогтооно. Заа, тоо үсэг холилдоод ирэхээрээ л байхгүй болчихоод байх шиг. Машины улсын дугаар цээжилнэ гэж гонж шүү дээ. 4-хөн оронтой тоо (нэмэх нь золигийн 3 үсэг) цээжлэхгүй мөртлөө 8 оронтой утасны дугаарыг бол гайгүй сайн тогтоогоод байх.

Гүй тэгээд, тоо үсэг холилдохоор байхгүй болчихоод байна уу гэхээр бас үгүй ч юм шиг. Томъёо бол толгойд байгаад л байх янзтай шүү. Ямар учиртай тархи заяасын байгаан, бүү мэд.

Бас их дуулах дуртай гэж байгаа. Баргийн аяыг санана, гэсэн мөртлөө дууны үг ер цээжлэхгүй. Арай хийж, хичээж байж тогтоосон 3-4 дуутай. Тэрийгээ найранд гурван дуутай гээд цадааск. Сүүлийн үед дуулах бололцоогүй болоод ч тэр үү, ер нь хоолой их муудаад (өөрийгөө дуулж чаддаг гэж бодноо бас, ккк) нөгөө хэдэн дууны үгээ ч санахаа байсан гэжугаа.

Нэг иймэрхүү хүн л эдийн засагч гэдэг албан тушаалтай, нягтлан бодогч гэдэг мэргэжилтэй, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй, төрийн удирдлагын магистр цолтой яваад л байх юм даа. Хөгийн юм шүү. Би ер нь ямар мэргэжилтэй, юу хийж явах ёстой байсан хүн одоо юу хийгээд яаж яваад байгаа юм бол? Хувь төөргөө мэдэхсэн гэж...

No comments:

Post a Comment