Thursday, May 30, 2013

ТОО ЦЭЭЖЛЭХГҮЙ, ТЭГЭЭД ЭДИЙН ЗАСАГЧ ГЭЖ БАЙХ

Би ерөөсөө тоо, нэр ус энэ тэр "точно" юм тогтоодоггүй. Угаасаа л тийм байсан. Ер нь жаахан цээж муутай. Гэхдээ харин энэ тэр юмны ерөнхий логик, зарчим, тогтолцоо, үйл явдал, уялдаа, нөлөөлөл, гол санааг нь бол харин ч нэг сайн шингээнэ шүү.

Жишээлбэл, нэг онол заалгалаа гэж бодоё. Онолын нэрийг нь зохиосон хүнийг нь батлагдсан оныг нь бүгдийг нь мартчихна. Харин ямар учир жанцантай онол вэ, ямар ач холбогдолтой вэ, юунд хэрэглэдэг вэ гэдгийг нь маш сайн тогтоочихдог.

Эсвэл нэг хүний намтар ч юм уу, эсвэл аль нэг улсын түүх уншлаа гэхэд л бүх нэрийг нь оныг нь таг санана. Харин ямаршуу хүн бэ, эсвэл тухайн үед ямархуу байдал байсан болоод ийм асуудал үүсвээ гэдэг үйл явдлыг нь, зүй тогтлыг нь бол яс санана.

Дан тоотой ажилладаг юм байж огт тоо тогтоохгүй. Тийм зардлын дүн хэд байсан гэж асуухаар нь одоохон хараадхая гэж байх. Санахгүй шүү дээ, ай хөөрхий гэж. Хаа очиж тоо сайн бодноо зайлуул. Үр дүнг нь гаргалаа, сэтгэл ханалаа, мартлаа. Гэхдээ яг таг утгыг нь санахгүй ч, өндөр байсан, нам байсан, ийм шалтгаантай байсан, тийм юмыг нь өөрчилбөл ингэж нөлөөлнө гэдгийг нь сайн санаж байгаа гэж.

Зөвхөн тоонууд байвал бас ч учиртай их сайн хичээвэл цээжилчихээд байгаа юм. Жишээлбэл утасны дугаарыг гайгүй сайн тогтооно. Заа, тоо үсэг холилдоод ирэхээрээ л байхгүй болчихоод байх шиг. Машины улсын дугаар цээжилнэ гэж гонж шүү дээ. 4-хөн оронтой тоо (нэмэх нь золигийн 3 үсэг) цээжлэхгүй мөртлөө 8 оронтой утасны дугаарыг бол гайгүй сайн тогтоогоод байх.

Гүй тэгээд, тоо үсэг холилдохоор байхгүй болчихоод байна уу гэхээр бас үгүй ч юм шиг. Томъёо бол толгойд байгаад л байх янзтай шүү. Ямар учиртай тархи заяасын байгаан, бүү мэд.

Бас их дуулах дуртай гэж байгаа. Баргийн аяыг санана, гэсэн мөртлөө дууны үг ер цээжлэхгүй. Арай хийж, хичээж байж тогтоосон 3-4 дуутай. Тэрийгээ найранд гурван дуутай гээд цадааск. Сүүлийн үед дуулах бололцоогүй болоод ч тэр үү, ер нь хоолой их муудаад (өөрийгөө дуулж чаддаг гэж бодноо бас, ккк) нөгөө хэдэн дууны үгээ ч санахаа байсан гэжугаа.

Нэг иймэрхүү хүн л эдийн засагч гэдэг албан тушаалтай, нягтлан бодогч гэдэг мэргэжилтэй, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй, төрийн удирдлагын магистр цолтой яваад л байх юм даа. Хөгийн юм шүү. Би ер нь ямар мэргэжилтэй, юу хийж явах ёстой байсан хүн одоо юу хийгээд яаж яваад байгаа юм бол? Хувь төөргөө мэдэхсэн гэж...

Tuesday, May 28, 2013

ҮСРЭЭД Л ҮХНЭ БИЗ

Би хүүхэд байхаасаа л үхсэний дараа юу байдаг бол гэж байнга боддог. Үхсэний дараа сүнс байгаад, тэр нь тэгээд Дэлгэрийн сүнс хэвээр байх юм бол тэнд юу байдаг тухай сонирхуулж энэ блогтоо бичнээ. Тэр үед битгий айгаарай гэсэн.... ха ха ха

Үсрээд л үхнэ биз гэхээр л учиргүй зоригтой хүн харагдаад байгаа байх. Үнэн хэрэгтээ огт үгүй. Хулчгар новш гэдэг чинь жинхэнэ утгаараа би шүү дээ. Юм бүгдээс айна. Гэхдээ богино наслахаас бол айдаггүй. Айя ч гэж боддоггүй. Товчхондоо үхэхээс айдаггүй боловч өвдөхөөс нь айдаг. Гэхдээ эрүүл мэнддээ бол анхаарал тавьдаггүй. Яах юм.

Магад би урт наслахгүй байх. Урт наслая ч гэж хичээдэггүй. Хорвоогийн амьтасд 70 нас хаваасаг. 60 хүрээд үхэе гэхээр хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртэхгүй, мэдрэхгүй, харахгүй болохоор жаахан харамсалтай. Тиймдээ 70 жил яг сайхан таарсан хугацаа. Яахав наана нь үхвэл тэр л биз. Ер нь байна шүү, тэнхлүүн өвгөн, ануухан эмгэн гэж ирээд л магтаад байгаа юм шиг боловч өвгөн эмгэн гэдэг үг нь бодит байдлыг тодорхой илтгэж байгаа бус уу. Хаашдаа л өвгөн, эмгэн гэж тодорхой заагаад байхад улам тэнэгэрч зөнөгөрч үр хүүхэддээ шавар хааж явах хэрэг ч байна уу даа.

Эцэст нь хэлэхэд хүн нэг л амьдарна. Хойдын амьдралд санааширсан гэгээнтнүүд ч нэг л амьдарна гэдгийг ухааруулсан байдаг. Ертөнц дээр Дэлгэр гэж нэг хүн нэг удаа гарч ирлээ. Хойшид дахиж гарахгүй. Тиймдээ ч "намайг үхсэн хойно муу хэлэх хүн битгий байгаасай" гэж боддог, хичээдэг. Гээд бодохоор би сайн хүн ч юм уу, эсвэл бүр хар амиа хичээсэн хөгийн новш ч юм уу, эсвэл бусдад таалагдах гэж жүжиглэсэн хуурамч амьтан ч юм болов уу.

ЮУ ДУРТАЙГАА БИЧНЭЭ

Эсэн бусын л юм толгойд эргэлдэх. Хэзээ ч хэнд ч хаана ч хамаагүй, юу дуртайгаа яримаар санагдах авч яг цагаа тулахаар хэнд ч юуны ч тухай хаана ч дуугармааргүй санагдана...

Нөгөө блогтоо улс төр, үндэс угсаа, төр засаг гээд буруу ч бай зөв ч бай, ямар ч атугай сайн сайхан сэдвээр баахан биччихсэн байх. Гэтэл тэр олон сайхан сэдэв дунд гэнэт л эсэн бусын, хаа хамаагүй юм бичээд унахаар дэмий бөгөөд хайран санагдлаа. Тэгээд энэ блогийг нээлээ. Энд би юу дуртайгаа, хувийн асуудлаа, дурсамжаа, эргэцүүллээ, тэр байтугай хараал бас ерөөл ч бичих болно.