Хэдэн мянган жил хөршилж суугаа, байнга шахуу дайтаж явсан Монгол Хятад хоёрын аль нь илүү хохирсон байдаг бол?
Дайн тулаан болгоныг хараад байхад манайхан голдуу дайрч байсан юм билээ. Тэхдээ бүр дээрмийн зорилгоор шүү. Тэр элч мэлч алсан барисан, хил боомт хаасан нтр бол зүгээр л шалтаг.
Эд хөрөнгө, эрдэнэт хүний амийн хувьд лав Хятад илүү хохирсон байх. Манай хохирол үндсэндээ ганц боловч тэр нь дэндүү том юм даа. Энэ бол Өвөр Монгол. Тийм болохоор магадгүй, бид илүү хохирсон ч юм шиг. Газар нутгийн хувьд ч тэр, хүн амын хувьд ч тэр.
Газар нутгийн хувьд баахан баялаг, ялангуяа газрын ховор элемент, алт, нүүрс байна. Бусдаар бол, тэр үед бүхий л Монгол нутагт баялаг гэхээр юм байхгүй, байгаагаас цөөн хэдэн мал л байсан байх. Түүнтэй түүнгүй манайд хангалттай баялаг байж л байна. Зөндөө л хоосон газар, өчнөөн л их нөөц байна. Тэр материаллаг баялаг яахав дээ.
1945 онд Ар Монголд үндсэндээ 750-хан мянган хүн байлаа. Тэр үед Өвөр Монголд лав сая илүү хүн байсан. Хүн амын эрчимтэй өсөлтийн бодлого явуулсны үрээр 45 жилийн дотор Ар Монголын хүн ам 3 дахин өссөн. Удахгүй 3 сая болно гэдэг нь дараагийн 25 жилд 1.5 дахин өссөн гэсэн үг.
Хэрэв ар өвөр гээгүй, нэг л Монгол улс байсан бол 1945 онд багцаагаар 2 сая хүн амтай байх байж. Тэгсэн бол 1990 онд 6 сая хүн амтай болсон байх ба өнөөдөр дор хаяж 8 сая Монгол хүн эх нутагтаа сууж байх байж. Хүндийн жин нэмэгдэх тусам уналтын хурд нэмэгддэг физикийн хуулийг бодолцвол магадгүй 10 гаран сая хүн амтай, нэг үндэстний улс байх байжээ гэж.
1945 онд Сталин нэг үг дуугарч, Англи Америк 2 толгой дохисон л бол бид нэгдчих байсан даа. Энэ тохиолдолд асуудал их өөр байх байлаа. Түүх шал өөрөөр бичигдэх байв.
Өвөр Монголыг БНМАУ-д өгснөөрөө Орос Хятад хоёрын харьцаа эрс хүйтэрч, айхтар муудалцах байсан. Ийм учраас 1950-иад онд Хятадууд бидэнд бэлэг өгөхгүй байсан. Өөрөөр хэлбэл Энхтайваны гүүр, 40, 50, 120 мянгат, Их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал болон бас бус зүйл байхгүй байсан байж болох юм. Хятадууд өгөхгүй байсан ч, бусад нь өгөх магадлалтай, эсвэл бүр өөрсдөө ч барьж болох тул эдгээрийг ор байхгүй гэж бодож болохгүй л дээ. За тэр материаллаг юм яахав. Угаасаа 60-аад онд Орос Хятад хоёр муудалцаад, манайхан ч мөн Хятадтай муудах ёстой болж, 90 оныг хүртэл харьцаагүй таг болсон тул энэ процесс 10-20 жилээр л урагшлах байсан гэсэн үг. Тиймээс дэлхийн түүхэнд айхтар өөрчлөлт орж шалих юм байхгүй. Харин Монголын түүхэнд бол өөр.
За ингээд мэдээж 1990 онд ардчилсан хувьсгал болдгоороо л болно. Харин оготны хамраас цус гаргахгүй хувьсгал болох байсан гэдэгт бол эргэлзэж байна. 6 сая хүний дундах хувьсгал гэдэг тоглоом биш. Нөгөөтэйгүүр олон хүн амтай, мангар том нутагтай байх байсан тул Ж.Батмөнх гэдэг агуу хүн төрийн толгойд байгаа ч уу, үгүй ч үү. Тэр байтугай Ю.Цэдэнбал гэдэг хүн бас "даам" гараа ч уу, үгүй ч үү. Ямар ч байсан төрийн тогтолцоо бол хэвээрээ, яруу алдарт МАХН байдгаараа л байх байсан. Социалист систем хаа сайгүй нуран унаж байсан учраас хувьсгал болдгоороо л болно.
Гэхдээ арай ч дайн хийхгүй байсан байх. Нэлээн ширүүхэн үзээд ямар ч байсан нэг ардчилсан тогтолцоо руу шилжих нь л шилжих байсан биз. Үндсэн хууль ч бараг энэ маягаараа батлагдах байсан болов уу. Өөрөөр хэлбэл парламентын засаглалтай улс болох байсан биз.
Харин суудлын тоо нь их өөр байх нь тодорхой. За яахав шууд пропорцлоод бодчихвол 2 сая хүнд 76 суудал тогтоосон гэдэг чинь 6 сая хүнд 228 суудал байх байж шүү. Ингээд ирэхээр одоогийн хуулиуд эрс өөр байх байсан...
Бүх юм өөр байх байлаа гэж. Тэр болгоныг бодож олно гэвэл хэнбугайн ч ухаан хүрэхгүй биз. Ямартай ч сайн сайхан байх байсан. Яагаад гэвэл тэр үед Монгол оронд "олон хүн + том газар нутаг + социалист чиг баримжаа бүхий авторитар төрийн тогтолцоо + дэлхийн дайны ялагч бөгөөд найдвартай хамтрагч ЗХУ + хөгжиж дэвжихийг хүссэн, шинэчлэгдэхийн төлөө Монгол хүний итгэл, сэтгэл" байх тул бүх юм сайн сайхан байх нь гарцаагүй.