Wednesday, May 7, 2014

УЛААНБААТАРТ МӨХӨЛ

Аймаар муу ёрын юм биччихсэн байна гэж боджынуу. Үгүй шүү.

Улаанбаатарт удаан амьдарвал танд, таны үр удамд мөхөл ирэх нь бараг л тодорхой болчихоод байгаа. Мэдээж таны удамд аюул тулгарна гэдэг бол бусдад нь ч адилхан гэсэн үг. Бултаараа адилхан аюулд өртөх юм бол энэ улс гүрэн чинь бас л аюулд өртнө гэсэн үг. Мөн биз? Тиймээс бүгдээрээ, бүгд найрамдах улсаараа балрахгүйн тулд Улаанбаатарыг мөхөөх хэрэгтэй.

Ер нь бол мөхөөх ч юу байхав. Сүртэй харагдуулах гэж ийм үг сонгосон болохоос Улаанбаатарыг хөгжүүлэхээ больёо л гэсэн санаа. Улаанбаатарт дахиж ганц ч төгрөгний хөрөнгө оруулалт хийхгүй байя. Нэг ч зам шинээр тавихгүй, нэг ч шугам татахгүй, нэг ч сургууль, нэг ч эмнэлэг дахиж барихгүй. Метро зетро энэ тэрийг март март. Утаа униараа багасгахаа ч байя. Зүгээр л урсгал ажлаа хийгээд бусдыг нь хая.

Харин эсрэгээр нь Улаанбаатарын татварыг гозойтол нэм. ААН-ийн татварыг ч тэр, ХХОАТ-ыг ч тэр, автомашины татварыг бол бүр гойд нэмэгдүүлэх хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгийн татварыг нь, оршин суугчийн хураамжийг нь, бусад бүх татварыг нь нэмээд бай, нэмээд бай. Улаанбаатарт амьдрахаар шийдсэн болгон үүнд өртөг, хохирог. Тэгсэн мөртөө Улаанбаатарт хүнд хэрэгтэй нийгмийн үйлчилгээ, нийтийн халамж юу ч үгүй байг...

Яг үүнтэй зэрэгцүүлээд орон нутаг уруу шинэ зам тавь, аймгийн төвүүдийн цахилгаан эрчим хүчний хангалтыг сайжруул, харилцаа холбооны хүчин чадлыг нь сайжруул, татварыг нь багасга, шинэ сургууль эмнэлгийг тэнд л барь. Улаанбаатарыг сүйтгэхтэй зэрэгцүүлээд аймгийн төвүүдийг л хөгжүүлээд бай. Хачин сайхан ерөнхий төлөвлөлтийг аймгийн төв бүрт хий. Харин Улаанбаатарыг хая.

Улаанбаатарын татварыг нэмээд л, орон нутгийн татварыг нь буулгаад бай. Улаанбаатарт ганц ч сургууль, цэцэрлэг шинээр байгуулахгүй мөртлөө аймгийн төвүүдэд хоосон ч хамаагүй сургууль цэцэрлэг бариад бай. Улаанбаатарт ганц ч эмнэлэг барихгүй, аймгийн төвүүдэд л эмнэлэг бариад байх хэрэгтэй. 5-р цахилгаан станцыг Улаанбаатарт битгий барь, өөр газар барь. Цэвэрлэх байгууламжийг ч битгий өргөтгө, хүчин чадлыг нь битгий нэм. Саадгүй ажиллаж л байвал болох нь тэр.

Хүний тоо хамаагүй ээ. Мөнгөний буруу зөрүү хуваарилалт ч хамаагүй. Олон нийтийн шүүмжлэл ч хамаагүй. Ард иргэдийн хохирол ч хамаагүй. Энүүхэн жаахан хохирол бол юу ч биш. Их монгол улсын ирээдүйн төлөө зүтгүүлээд байх хэрэгтэй.

Мөнгөөр бүхнийг шийддэг болсон энэ хорвоод мөнгө бараадаж ирсэн хүмүүсийг буцааж тараах ганц арга энэ.